Skip to main content

Р.ЧОЙНОМ - БҮСГҮЙН ТУХАЙ ДУУЛЬ

Хөөрхий тэр бүсгүй хөдөөгийн уул тал дунд
Хөх манхан тэнгэрийн хөмөрч тэвэрсэн алганд
Нойтон заяатай бүсгүй хүний
Хүйтэн хорвоод нүцгэн унажээ
Нойрон дундаа үнсэлцэн мишээж
Хүний биеийг биелэн өсчээ


Тарчиг хатуу нутгийн хөрсөнд
Танхил биерээрээ мөлхөн торниж
Тарваганы мөр шиг танхил мөр нь
Талын тэртээ бүдгэрэн үлджээ

Олонд өхөөрдүүлэх балчир насны
Онгон зунууд цувран холдож
Бусдад загнуулах бага насны
Буданд хоногууд хөврөн одож

Үс нь ургаж зүс нь тодров
Үе нь хатуурж нүд нь тодров
Үйлтэй хорвоогийн элсэлтийн шалгалтын
Үггүй дуудлага гэнэтхэн ирэв

Авдар дороос газрын чийг
Аягүй ханхалах хаврын сард
Агаар тогтуун сар гараагүй
Ажин түжин шөнийн цагаар

Норсон үнстэй зуухны амаар
Нурам нь унтран харлах үед
Нууцхан довтолсон эрийн элгэнд
Нумарч нэг үзэв мэхийж бас нэг үзэв

Хоёр өвдгөө хавирч үзэв
Холбирч ядан хавчиж үзэв
Гашуун оргитол уруулаа хазав
Гал гартал нүдээ анив

Дуутай хорвоогийн дуугүй зовлон
Дунших биш үжирч өвдөв
Дурлалын хорхой бие рүү нь оров
Дусал нулимс чих рүү нь оров

Уйлаад нэмэргүй ертөнцийн жам
Улаан цогцост цагаан дусал
Цагаатгуулж болохгүй биетэй баримт
Цагаан даавуун дээр улаан дусал

Зуурдын жаргалын хулгай хорвоо
Зуузай тамгаа зүрхэнд нь дарав
Зугтаж явсан охинсог зангаасаа
Зуун наян градус эргэв

Залуу биений цус нь халаад
Загас мах нь чангараад ирэв
Алаг нүд нь солбисхийгээд
Алхаа нь хүртэл хувираад ирэв

Хоолой цээж нь түхийгээд ирэв
Хондлой нь хүртэл тэвхийгээд ирэв
Хонины шөл уусан юм шиг
Хоёр хацар нь гэрэлтээд ирэв

Хадуу чулуу шиг дарчих гээд байсан
Харцуул бүгд богиносоод ирэв
Харимал настан ч залуусаад ирэв
Хүний цэнгэлээр ам нь эсгэгдэв

Хүсэл тачаалаар бие нь эсгэгдэв
Хүүхэн гэдэг зургаан үсгийг
Махан бодиороо хорвоод бичэв
Өөрт нь ноогдсон цөөн жилийн

Өнгөт хорвоо даргиж буцлав
Өсөх өтлөх гурван үеийг
Өехий дээрээ даанхан нумлав
Таван тансаг цэнгээн бүхнийг

Тагнай мэдэн амтлан наргив
Таних танихгүй хүний үрийг
Танай манайгүй баясган жаргав

Алхсан газар суусан суудал нь
Ариун санагдаж харцуул цуглав
Аашилсан ааш дуугарсан дуу нь
Амьтан бүхэнд хөгжим шиг байв

Хөлөрсон хөлс, дусаасан нулимс нь
Хөлийн шивэр юухан боловч
Бусдын толгойд ариухан гэгдэж
Бузар юмгүй дориухан цэнгэв

Арав хүрэхгүй цэнгэлийн жил
Атга нулимс шиг урсаад өнгөрөв
Алга тоссон эрчүүлийн хорвоо
Адуу мал шиг пижигнээд өнгөрөв
Нэрний нь цуурай тэртээд замхарч
Нэг л мэдэхэд эл хуль
Мөргөлчин цуварсан сүмийн үүд шиг
Мөнөөх босго нь зэвэрч эхлэв
Намрын члаа шиг харчуудын мөр
Наашаа биш цаашаа зөрөлдөв
Насны үд хэвийв үү үгүй юу
Биеийн үд сэтгэлийн шөнө
Уйдахын эрхэнд хань татаж
Унаган төрхөө толинд харав
Будганд түлэгдсэн хогжруут нүүр
Буусан зовхи суусан үрчлээ
Өмийсөн уруул хиймэл шүд
Өрвийж шингэрсэн буурал үс
Саяхны зун шиг цэцэглэж явсан
Сайхан дагина сураггүй арилж
Савны хууч бөөрний өвчтөй
Салга туранхай бие л үлдэж

Цагаан цогцос бүжгэнд шуугдаж
Цангинасан инээд гудамжинд гээгдэж
Цай ёроолдож зуух бараадсан
Царцуу эмгэн хоногоо хүлээв

Ай хөөрхий энийг нь мэдсэн бол
Ариглаж гамнаж явдаг байж
Амьдралынхаа эцсийн хэр дээр
Амаа баривч нэгэнт өнгөрч

Ганган хүний хувцас зээлдэж
Ганцхан өдөр гоёсон хүн шиг
Замилан хорвоогийн хатуу гарт
Залуу насаа тайлаад өгчөө

Хөөрхий ийм нэг авгай
Хөрстийг орхиод нөхцжээ гэхэд
Залуухан хорвоо түүнийг үгүйлэхгүй
Зай гарсанд нь харин баярлана

Харамсалтай нь үй олноороо
Хайран хүүхнүүд ингэж өнгөрөхийг
Харсаны хувьд шүлэгч миний бие
Харандаа барьж үүнийг цоохорлов.

Comments

Popular posts from this blog

ХУРД ХАМТЛАГ ЦОМОГУУД

ХУРД ХАМТЛАГ ЦОМОГУУД ТАТАХ ХУРД - 1000 ЖИЛД ГАНЦ ХУРД - THE BEST COLLECTION 1 ХУРД - THE BEST COLLECTION 2 ХУРД - THE BEST COLLECTION 3 ХУРД - ЗҮЙРЛЭХ АРГАГҮЙ

ХАРАНГА ХАМТЛАГИЙН ЦОМГУУД

Харанга хамтлагийн ,,, ойд зориулж бүх ододын дуулсан Best of Haranga Бодлын тэнгис Эрин зууны хөг Ертөнцийн өнгө Халуун сэтгэл Харанга хамтлагийн бусад дуунууд Харанга - Амьдрал Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хослосон хорвоод Өөрийн гэсэн байраа олох гэж өдөр нь бодож шөнө нь зүүдлэвч Хүн бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгох юм Учигт тэр уртхан замдаа алдаж онох нь ч их юм Аливаа бүхнийг үзэх юм даа Хүсэл хяслын хоёр туйлд хүний сэтгэл эцэж туйлдлаа ч Алдаж гишгэдэг цөхрөл гуниг, онож гишгэдэг баяр баясал минь Арвин ихээр эргэдэг юм даа Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа Наран саран ээлжлэн мандаж цаг хугацаа улиран улирсаар Насны хуанли эргэн эргээд уудам орчлонг таних тусмаа Ухааны хэргэм нэмэх юм даа Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа Ухааны хэргэм нэмэх юм даа Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч Энэхэн биедэ...

НОМИН ТАЛСТ - ЦОМОГУУД

БИДНИЙ ҮЕ ГЭРЭЛ СҮҮДЭР НЭМЭХ ХАСАХ ЦЭНЭГ ТАТАХ ХҮЧ ХҮЙН ХОЛБООТОЙ ИЖИЙ